“Миний амьдрах орчин” Би Тэнгэрийн уул Таван богдын энгэрт төрж Тэлмэн цэнхэр Ховд голын усаар угааж Цалин цагаан Цагаан голын усаар ундалж Цаст Алтайн нутаг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд төрж өссөн юм. Миний амьдарч ирсэн орон зай бол мөнх цаст уултай өндөрлөг тал нутаг, эрчилсэн гол горхи, энгүүнээр тэндээ долгилж хэвтээ Хурган, Хотон, Даян нуур , Агь, бургас, тарваганы үнэр ханхалсан хээр тал , урд хойд хоёр хөршлүүгээ таваараа орж гарах боломжтой, амьтай бүхэнд ээлтэй Өлгий нутаг. Өглөө бүр өндөр уулсынхаа барааг харж өссөн болохоор холч ухаантай, өдөр бүр Алтайн арван гурван сандаа идээнийхээ дээжийг өргөдөг нутгийн үр сад болохоор цог хийморьтой явдаг юм болов уу. Олон ястан эв найрамдалтай өнө удөөн жил амьдарч ирсэн болохоор ястан болгоны үнэт зүйл, шашин шүтлэг,зан заншил, соёл энэ бүхэнд хүндэтгэлтэй хандаж сурсан болохоор хаана ч гэсэн амархан шингэж хэнтэй ч амархан ойлголцож байгаль, цаг уурын, нийгмийн ямар ч орчинд хялбархан дасан зохицдог болжээ. Баян-өлгийнх гэхээр хүүхдүүд аан Казак аймгаас ирсэн юм уу, нөгөө баруун хязгаарт алслагдсан мөн биз дээ гээд л өрөвдмөөр нүдээр хардаг. Хэзээ, хаана Монголоор ингэж цэвэрхэн ярьж сурав гэж бөөн асуултаар булчихдаг. Хүүхэд болгон сониучхан асууна, бүгдэд нь тайлбарлахаас сүүлдээ залхана. Үндэсний цөөнх байх нэг талаараа хүн болгоны анхааралд байдаг болохоор жаахан төвөгтэй. Бүр ангийн минь хөвгүүн чи Сүнит уу Шийт үү гэж асуухад аргаа бараад элгээ хөштөл инээж билээ. Өсөж торнисон орчин минь одооны намайг бий болгоход маш ихээр нөлөөлсөн, эгц өндөр хаднууд нь намайг зоримог эрэмгий, зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч болгож, эрчилсэн гол горхи нь шударга шийдэмгий болгож хүмүүжүүлжээ. Миний хүсэж мөрөөддөг амьдрах орчин бол тансаг зэрэглэлийн хауз, техник технологи нь хэт хөгжсөн давчуу яаруу орон зай, Альпаас хүчил төрөгч худалдан авч амьсгалдаг, Байгаль нуураас ундны усаа худалдан авдаг газар нутаг мэдээж биш. Миний мөрөөддөг амьдрах орчин бол утаагүй цэнхэр тэнгэр, барилгын биш уулсыг цаанаас цухуйх нарны цацрагийг харах ,хүүхдүүд минь өвс шороон дээрээ тонгочин тоглодог, саглагар модод найгасан хүнсний ногоо жимсээ өөрсдөө тариалдаг эко хашаатай, цонхоор нь бүхий л ертөнц харагдам дүнзэн байшинд амьдрахыг хүсдэг. Ямар нойлд ормоор байна тийм л нойлийг үлдээж гар гэдэгчлэн одоо ямар орчинд амьдармаар байна яг л тийм орчинг хойч үедээ үлдээх хэрэгтэй юм байна. Хүн эцэг эхийнхээ ачийг үргэлж дооших үедээ хариулдаг жамтай гэж би дуулсан. Иймд бид өвөг дээдсийнхээ халуун амь бүлээн цусаар зольсон эх орноо үр хойчдоо тохитой амьдрах орчинг нь эвдлэлгүй, бүрэн бүтнээр нь өвлүүлснээр өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ачийг нь хариулна гэж би боддог. Бидний үр хүүхдүүдийн амьдрах орчин даяар нэгэн тосгон бус дан Монголоороо байгаасай. Тэд биднээс болж өлсөж, өвдөж, өрөөлөөр дарлуулж аль эсвэл өрөвдүүлж, өвөл нь утаагаар, зун нь өмхий агаар амьсгалах ёсгүй. Австрийн ард түмэн хөдөөний уулын модоо олон жил засаж янзлаад урлагийн тайз шиг болгожээ гэж нэгэн сониноос уншиж билээ. Үүний яг адилаар бид дор бүрнээ ухамсартай байж, орчин тойрноо цэвэрхэн байлгаж, өөр өөрсдийн салбартаа өнөөгийн тулгамдаж буй асуудал хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол, экологийн тэнцвэрт байдал зэргийг анхааран судлах хэрэгтэй. Өөрчлөлт, ая тухтай амьдрах орчныг нэг л шөнийн дотор нэг л хүн бий болгодоггүй. Энэ бид бүхний хамтын зөв ухамсар, өдөр тутмын энгийн үйл хөдлөлийн үр шим бөгөөд амьдрах орчин маань хэзээ нэг өдөр урлагийн тайз болон сүндэрлэнэ гэдэгт би итгэдэг.
|