даль жигүүр
2015-12-14
С.Эрдэнэ 'Хойт насандаа учирна" романы сэтгэгдлэл
2015 12.14 16.43 минут С.Эрдэнэ гуайн "Хойт насандаа учирна " романыг уншиж дуусгав. Урьд урьдын уншиж байсан хэлмэгдүүлэлтийн үеийг тусгасан зохиолуудаас хамгийн гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж зөвхөн нэг талыг барьж туульшралгүй олон ургальч зарчмыг баримталж тэнцвэртэй бичсэн ба гомдол, хорсол, харуусал хүн гээч зүрх сэтгэлтэй амьтан мөн л юм бол сэтгэлийн тэрхэн утсыг хөндөхөөр гайхалтай бичсэн байна. "Муу санаа биеэ отно" гэдэгчлэн ганцхан өөрийгөө гэж дур тачаал, ховдог шунахай сэтгэлээсээ болж дурлалт хос, үй олон буриад зон, энгийн ард иргэдийг хэлмэгдүүлэхэд хүргэсэн дотоодыг хамгаалагч чекист Яндаг гээч мөн цаг үеийн хахир ширүүн салхи хичнээн эрчтэй үлээсэн ч хана хэрэм шиг нөмөртэй хүний эрхэм шинжийг буриад өвгөн Дамдины дүрээр үзүүлжээ. Тэртээ 770 жилийн өмнө гэж ирээ л 13-р зууны түүх тэр ганхашгүй Их монгол гээч тоонот гэр хэрхэн яаж задарсныг манжид яаж дагаар орсныг, мөн саяхны 21 оны хувьсгал хэлмэгдүүлэлт нэртэй цуст аллага хүртэл маш товч тодорхой өөрийн асар зузаан түүхийн мэдлэгээ логиктой , уран яруу сэтгэмжтэйгээр тусгаж гоо сайхнаар нүднээ амилтал бичжээ. Хүний амьдралын алдаа оноо, жаргал зовлон,янаглал элбэрэл түүгээрч барамгүй философийн маш олон асуудлууд байгааг ажиглаж болно. Жишээ нь : Хэн нэгний хувьд цорын ганц байхын хүслэн, оршихуйн төлөөх сонголтууд зэрэг экзистенциализм буюу оршихуйн философи мөн хүн уг чанараараа сайн эсвэл муу ямар амьтан болохыг, цагаа тулбал хүн яаж өөрчлөгддөгийг, хүн ямар аминчхан аймшигтай харгис араатан болохыг Хөх комиссар, төлөөлөгч Яндаг, Рэнцэн, Бадам зэрэг дүрүүдээс харж болно. Үүний цаана улс төрийн болон хүний тухай философийн ойлголтууд байгаа нь бас анзаарагдана. Сонровын Цэвэлмаад бичсэн захиаг унших тэрхэн эгшинд элэг эмтэрч нулимс минь номын хуудсанд дусахад гэнэт анзаарч хацар даган урсан нулимсаа арчин суусансан. Их хэлмэгдүүлэлт буюу тэр цөвүүн цаг үеийн зулын гол болж хөөрхийлөлтэйгөөр хэлмэгдсэн "30000 гаруй эгэл жирийн монгол эрчүүд, лам нар, буриадуудын өтгөс өвгөдийн өмнө мөнхөд төр засаг буруутай ч юм шиг санагдах юм, бид бүхэн тэдний хүндэтгэж үеийн үед марталгүй хүндэтгэх хэрэгтэй гэсэн ч санаа ажиглагдав. ӨЧИГДӨРГҮЙ ӨНӨӨДӨР, ӨНӨӨДӨРГҮЙ МАРГААШ ҮГҮЙ гэдэг үгийг мөнхөд санах хэрэгтэй. Харь элэгтийн хагаралдуулах гэж хаясан эвдрэлийн ясыг өлөн ноход мэт шүүрэн арсалддаг цаг бага хаадын үед өнгөрсөн гэж хэзээч бодож болохгүй нь жишээ тод томруун харуулжээ. ТҮҮХ ДАВТАГДДАГ хичнээн үнэн үг вэ? тэр үеийн засгийн эрхмүүд болох зүүнийхэн харийг сохроор дагаж ( тэгэхээс ч өөр аргагүй хүнд байдалд байсан) үй олон сод билэгт хүмүүсээ, лам нараа, өтгөс өвгөдөө, идэрчүүдээ хядсан нь түүхэнд болон ард түмний сэтгэлд тод хараар бичигдэж үлдсэн билээ. Харин ӨНӨӨДӨРГҮЙ МАРГААШ үгүйн адил бид дандаа 13-р зууны түүх Чингис хаанаараа цээжээ дэлдээд 30-аад оны хэлмэгдүүлэлтийг жигшээд байлгүй хожим үр хойчдоо зүхэгдэхээргүй, алдаа хийлгүй бахархан дурсах түүхийг бичиж үлдээхийн тулд алдаанаасаа сайн суралцах хэрэгтэй. Гаусс " Математик бол бүх шинжлэх ухааны хаан" гэсэн бол би ТҮҮХИЙГ шинжлэх ухааны хаан гэж боддог. Түүнгүйгээр хүн төрөлхтөн орших аргагүй, ямарч зүйлийг бүтээх шинээр бий болгох боломжгүй, өнгөрсөний туршлагаар бид өнөөдрийг, өнөөдрийн туршлагаар маргаашийг , ирээдүйг бүтээнэ. Түүхээ сайн судласанаар ганцхан өөрийгөө боддог аминчхан бодлоосоо салж илүү эх оронч хүмүүнлэг иргэн болон төлөвшдөг. Тиймээс бид түүхийг хичээл гэж тээршээж хичээлдээ дүн авах гэж шальдар булдар нэр, он тоолол цээжлээд өнгөрөх бус нөхцөл, учир шалтгаан,үр дагаврыг нь ойлгож сургамж авах нь хамгийн чухал юм шигээ. Эрдэнэ баавай хойч үе бидэнд нүдэнд амилтал сэтгэлд шингэтэл зүрхэнд ургатал хангалттай сайн зуржээ гэж бодном. Би уншиж эхлээд дуусах хүртэлээ Буд,Базар хоёр бурианхай хөвүүнтэй чаргаар гулгаж ,тэнэг Хандмаа хүүхнийг шоглож тоглож, Бортолгой,Цэвэлмаа нартай хүрээний эрхмүүдийн эхнэрийн амьдралаар хэсэг амьдарч, Хилсээр гүтгэгдсэн Сонров, Цэвэг нартай шоронд байцаагдаж, бүр хөх комиссарт хамаг шүдээ эмтэртэл цохиулж, уур гомдол хорслын туйлдаа байцаагч Рэнцэнгийн улаан нүүрлүү Цэвэгтэй цуг ч үзэгний чулуун сав нүүлгэж хөх няц болтлоо нүдүүлэхийн зовлонг амсаж голдоо ортлоо гомдож сүүлдээ буудуулж санаа амрав аа кккк. Төгсөн тийшээгээ болсон чинь алив Яндагаа хилс хэрэг дэлгэснээ бушуу илчлээдхээчдээ хоригдогсод гэртээ хариасай, Сонров Цэвэлмээ дээрээ бушуу очоосой тэр хоёр хүний ёсоор хуримлаж хөөрхөн хүүхдүүдтэй болоосой гэж хүссээр байсан ч эмгэнэлтэйгээр төгссөн хэдий ч өр цээжинд минь нэгэн бул хар чулуу тээглэн үлдсэн мөртлөө маш өндөр сэтгэгдэлтэй үлдлээ. Ц.Мөнхжин 24:00
|
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой. . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|